Эхлэл

Нэвтрэх



Одоо

Манайд 49 зочид байна

H-info

H-info tatah

 
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох тухай №1а/08 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 4-р сарын 22, Баасан гариг, 18:31

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.3, 12.1 дүгээр заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.3, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 52 дугаар тушаалын 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход баримтлах дотоод журмыг нэгдүгээр , ажлын байр, тоног төхөөрөмж, эмчилгээ оношилгооны стандартад үнэлгээ хийж тодорхойлолт өгөх ажлын хэсгийг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын байр, багаж тоног төхөөрөмж, эмчилгээ оношилгооны стандартын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ өгч ажиллахыг  ажлын хэсэгт  үүрэг болгосугай.

3. Дээрхи ажлуудыг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга /Н.Цогбадрах/-д даалгасугай.





ДАРГА                                   С.ТУУЛ



Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын
2011 оны 01 дугаар сарын 26 ны өдрийн
1а/08 дугаар тушаалын хавсралт 1



ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
ЖУРАМ


Энэхүү журмыг эрүүл мэндийн байгууллагуудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход  баримталж ажиллана.

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгохдоо.

1.Эмч мэргэжилтний ажлын туршлага, мэргэжлийн бэлтгэлийг харгалзана. Үүнд:

- Иргэдэд чанартай, сэтгэл ханамжтай, мэргэжлийн түвшинд   үйлчилгээг үзүүлэхийн тулд эмч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүд тухайн мэргэжлээрээ 10 жилээс доошгүй хугацаанд  тогтвортой ажилласан, мэргэжлийн зэрэгтэй байх.
- Сүүлийн жилүүдэд амбулаторийн нөхцөлд эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа эмч нар ЭМС-ын 105 дугаар тушаалыг зөрчиж байгаатай холбогдуулж цаашид амбулаторийн нөхцөлд эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаанд олгохгүй байх.
- Хувийн эмнэлгийн үйл ажиллагааны эрх авч байгаа эмнэлгүүдийн байнгын ажиллагааг хангах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, ажилчдын ажлын байрны баталгааг хангах зэрэг зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаа давхар эрхлэх эрх олгохгүй байх.

2. Ажлын байрны стандарт, эрүүл ахуйн норм, нормативын шаардлага хангасан, багаж тоног төхөөрөмжийн хангамжийн байдлыг харгалзана. Үүнд:
- Ажлын байр нь үйлчилгээний нөхцөлд тохирсон, стандартай, багаж тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээтэй байх.

3.Тухайн байгууллагын байршлыг харгалзана. Үүнд:
- Эрүүл мэндийн байгууллага нь иргэдийн тав тух, тайван байдал, халдвар хамгааллын дэглэмийг сахин хамгаалах зорилгоор, орон сууцны бус улс, хувийн эмнэлэг, үйлчилгээний зориулалтын байранд стандартын дагуу үйл ажиллагаагаа эрхэлсэн байх.
- Эмийн сан, эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс алслагдсан захын хороололд ажиллах эрүүл мэндийн байгууллагуудад эн тэргүүнд  тусгай зөвшөөрөл олгох зарчим баримтлах.

4. Эмчилгээ, оношилгооны стандарт-Ямар нөхцөлд үйл ажиллагаа явуулахаас хамааран /амбулатори, стационар, сувилал/-ын гэх мэт эмчилгээ, оношилгооны стандарт  баримтлах шаардлагыг хангасан байх.

5. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 дугаар тушаалын дагуу Халдвар хамгааллын дэглэм сахих. Үүнд:

- Амбулаторийн нөхцөлд халдвар хамгааллын баг, ор бүхий эмнэлгүүдэд халдвар хамгааллын алба ажиллаж, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх.
- Эрүүл мэндийн байгууллагын халдварын эсрэг дэглэм, тэдэнд тавигдах нийтлэг болон мэргэжлийн хэсгүүдэд тавигдах шаардлагыг хэрэгжүүлсэн байх.



- Эрүүл мэндийн халдваргүйтгэл, ариутгалын заавар, чанарын хяналт хийх журам баримтлах.
- Эрүүл мэндийн ажилтанг халдвараас сэргийлэх, сургалтанд хамруулах, эмнэлгээс шалтгаалах халдварын мэдээ мэдээллийн журмыг хэрэгжүүлж ажиллах.

6. Тусгай зөвшөөрөл олгох эрх, үүрэг хариуцлага:

А. Комисс нь дор дурьдсан эрх эдэлнэ. Үүнд:

1. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, хянах, сэргээх, хүчингүй болгох
2. Комиссын хуралдаанд холбогдох мэргэжилтэн болон энэхүү тушаалаар батлагдсан ажлын хэсэг томилон тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байранд хяналт үнэлгээ хийлгэх, санал дүгнэлт гаргуулах.
3. Шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэж болно. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг шийдвэрлэх хугацааг ажлын 14 хоног хүртэл хоногоор сунгаж болно.

Б.Комисс нь доор дурьдсан үүрэг хариуцлага хүлээнэ.Үүнд:

1. Комисс нь үйл ажиллагаандаа “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, “Эрүүл мэндийн тухай хууль, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” –г хэрэгжүүлж ажиллана.
2. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах.
3. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага болон комиссын үйл ажиллагааны талаар ирсэн мэдээлэл, өргөдөл, гомдлыг хянан үзэж холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх.
4. Комиссын гишүүд эрх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон бол Төрийн албаны тухай уулийн 26 дугаар зүйлийн 26.1, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэх.
5. Комиссын бүрэлдэхүүний болон түүнийг төлөөлөх эцэг эх, эхнэр нөхөр, ах эгч, дүү, хүүхэд, найз нөхөд тусгай зөвшөөрөл эзэмших өргөдөл гаргагчаар оролцож байгаа тохиолдолд ил зарлан, шийдвэр гаргах, санал хураахад оролцохоос сайн дураар татгалзах.
6. Комиссын хуралдаанаар хэлэлцсэн аж ахуйн нэгж байгууллагын нууц задлах, бусдад мэдээлэхийг хориглох.
7. Хөндлөнгийн нөлөөнд автах, бусдад дарамт шахалт үзүүлэх, шудрага бус өрсөлдөөнийг дэмжихийг хориглох.

7.Комиссын нарийн бичгийн үүрэг, хариуцлага

1. Тусгай зөвшөөрлийн хуралд бэлтгэх материалын жагсаалтыг НЭМГ-ын вэб сайтад тавьж, бүрэн бүрдүүлсэн тохиолдолд  комиссын нарийн бичиг хүлээн авч, 3 хоногийн дотор ажлын хэсгийг тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байранд хяналт үнэлгээ хийлгэн санал дүгнэлт гаргуулах.
2. Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл хүсэгчийн материалыг бүртгэж, хуралд танилцуулга бэлтгэн хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хуралд хэлэлцэх.

3. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг хурал болохоос ажлын 5 хоногийн өмнө гишүүдэд цахим болон цаасан хэлбэрээр тараан, хурлын зарыг мөн хугацаанд хүргэж, гишүүдийн ирцийг бүрдүүлнэ.
4. уралдааны тэмдэглэл хөтөлж, зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулан, холбогдох газар /ЗГХ-ЭМГ, Дүүргийн татварын хэлтэс г.м/-т хурлын талаархи мэдээллийг хурал хийснээс хойш 3 хоногийн дотор хүргүүлэх.
5. Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд аж ахуй нэгжүүд тэмдэгтийн хураамж төлсний дараа бичилт хийж тэмдэглэнэ.
6. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөлд хурлаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг комиссын даргын шийдвэрийг үндэслэн гэрчилгээнд бичилт хийж тэмдэглэнэ.
7. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хураасан тэмдэгтийн хураамжийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяа орон нутгийн татварын алба, хэлтэст гаргаж хүргүүлнэ.

8.Аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, хариуцлага

А. Аж ахуй нэгж нь доор дурьдсан  эрхийг эдлэнэ. Үүнд:

1. Тусгай зөвшөөрлийн хуралд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх санал оруулах.
2. Эмч мэргэжилтэний мэргэжлийн зэрэг хамгаалах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг магадлан итгэмжлэхэд тусгай зөвшөөрлийн комиссоос тодорхойлолт авах.
3. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шагнагдах, урамшил авах.

Б. Аж ахуй нэгж нь доор дурьдсан үүрэг хүлээнэ.Үүнд:

1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагааявуулах хүсэлттэй эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн нь “Эрүүл мэндийн тухай хууль, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, ЭМЯ-ын болон ЭМГ-ын даргын холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлнэ.
2. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон материалыг жагсаалтын дагуу бэлтгэн тусгай зөвшөөрлийн комиссын нарийн бичигт бүртгүүлж, танилцуулга өгөх.
3. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ сунгуулахад ажлын байр, мэргэжлийн хүн хүч, тоног төхөөрөмжийн талаар НЭМГ-ын ажлын хэсгээр хянуулж, дүгнэлт авах.
4. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нийгмийн эрүүл мэндийн ажилд идэвхтэй оролцох.
5. Мэргэжлээрээ 10 жил ажиллаагүй, лицензийн хугацаа дууссан эмч мэргэжилтнүүд стандартын бус байранд үйл ажиллагаа эрхлэх / тухайлбал: эмэгтэйчүүдийн эмч нар амбулаториийн болон магадлан итгэмжлэгдээгүй нөхцөлд үр хөндөлт хийх/-г хориглох.
6. Эмнэлгийн нэр давхардуулах, давхар ажил эрхлэлж иргэдийг чирэгдүүлэх, шудрага бус өрсөлдөөнийг дэмжихийг хориглох.
7. Мэдээ тайлан хугацаандаа ирүүлэхгүй, 3-6 удаа тасалдуулсан тохиолдолд захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгох арга хэмжээ авах.
8. Захиргааны хариуцлагын хуулиар торгуулын шийтгэл авсан газрууд дахин мэдээ тайлан хоцроох, тасалдуулж, бусад хууль, тушаал шийдвэрийн заалт зөрчсөн болон тусгай зөвшөөрлийн нөхцөл  шаардлага зөрчигдсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ тооцох.

9.Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага

1. ажлын байр / эмнэлэг, сувилал, эмийн сангийн зориулалтын, хотын захад иргэдэд үйлчилгээг ойртуулсан , жигд хүртээмжтэй, халдвар хамгааллын стандарт хангасан байршилтай байх.
2. Хүн хүч/ стандартын дагуу орон тоогоор хангагдсан, давхар ажил эрхлээгүй байх. 
3. эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, эм зүйч, эм найруулагчийн мэргэшил/ Мэргэжил олгох болон дипломын дараах сургалтаар кредит хангасан, лицензтэй, сургууль төгссөн эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, 10 жил, эм зүйч, эм найруулагчид 5 жил тухайн мэргэжлээр тасралтгүй ажилласан байх.
4. Багаж тоног төхөөрөмж/ сүүлийн үеийн технологийн дэвшлийг агуулсан, хүчин чадал бүхий, ЭМЯ-ны багаж тоног төхөөрөмжийн жагсаалтад бүртгэгдсэн байх.
5. Санхүүгийн чадавхи / өөрийн байртай, түрээсийн чадавхтай, татварын байгууллагын тодорхойлолт, санхүүгийн болон эд материалын нөөцтэй байх.

10.Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал.

1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, эмчилгээ үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/ гаргах.
2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ.
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
4. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг /Стандартчилал хэмжил зүйн үндэсний газраас өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой стандартыг авч, хангасан байх /
5. Үүсгэн байгуулагчийн шийдвэр.
6. Байгууллагын дүрэм, үйл ажиллагааны танилцуулга, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт /албан ёсоор гарын үсэг зурагдаж, батлагдсан/.
7. Эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүн /мэргэжлийн үйл ажиллагаа явуулах диплом, лиценз/
8. Тоног төхөөрөмжийн жагсаалт, баталгаа, аюулгүй ажиллагаа
9. Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, үйл ажиллагааны төсөв /эдийн засгийн тооцоо/-хийх.
10. НЭМГ-ын даргын тушаалаар томилсон ажлын хэсгээр ажлын байранд дүгнэлт гаргуулах.


 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.