Эхлэл мэдээ Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс Тамхи түүний хор хөнөөл, гарах арга замууд

Нэвтрэх



Одоо

Манайд 40 зочид байна

H-info

H-info tatah

 
Тамхи түүний хор хөнөөл, гарах арга замууд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 1-р сарын 28, Мягмар гариг, 10:09

Дээр үед хүмүүс тамхийг тансаг хэрэглээ гэж үзэн татдаг байжээ. Гэтэл өнөө үед анагаахын шинжлэх ухаан хөгжсөнөөр тамхи нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн юм. Тэр тусмаа тамхинд агуулагдаж буй никотин нь мансууруулах бодистой адилхан үйлчилгээ үзүүлж, нэг л татаж эхэлбэл энэхүү муу зуршлаа орхиж чадахгүй “Никотинд донтох” байдалд ордог учраас хүмүүс тамхинаас гарахад хэцүү байдаг.

Тамхины утаанд агуулагдах бодис

Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон. Жишээлбэл:

  • Никотин нь судсыг нарийсган цусны урсгалыг сааруулж зүрх судасны өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэх талтай
  • Тамхины бохь нь хүний биед шингэж, уушги болон бусад эрхтэнд хавдар үүсэхэд нөлөөлж болно.
  • Нүүрстөрөгчийн исэл нь биеийн хүчилтөрөгчийн хангалтад саад учруулсанаар хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг.

Тамхины хор хөнөөл

  • Уушгины хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй.Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар нас бардаг.
  • Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх, Залгиур улаан хоолойн хавдар, ходоодны шархаар өвдөх зэрэг шалтгаан болдог
  • Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.
  • Тамхи үр удмыг хөнөөнө.Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин илүү хордоно.
  • Хорт хавдрын -38%, Зүрх судасны өвчний -34%, Амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татснаас болж үүсэж байна. Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.

Тамхинаас гарч болно

Тамхины гол хор нь утаандаа байдаг. Францын эрдэмтэн тамхины утаанаас 2000 гаруй химийн хортой бодисыг ялгаж тодорхойлжээ. Тамхинаас тийм ч амархан гарчихгүй.Тамхинаас гарах сайн арга бол өөрийгөө удирдан тэвчээр гаргаж тамхиа хаях явдал юм.

Тамхийг жигшиж үзэн ядах нь чухал юм. Тамхинаас гаръя гэж хатуу шийдэж арга зам эрэлхийлсэн хүмүүст туслах зорилгоор дараах зөвлөмжийг толилуулж байна.

 

Тамхинаас гарах таван алхам

1. Биеэ бэлтгэ

  • Тамхинаас гарах өдрийг товло.
  • Орчноо өөрчил
  • Өөрийн гэр, машин ажлын байрнаас бүх тамхи, үнсний савыг гаргаж хая
  • тамхи татаж байгаа хүмүүсийн ойр орчим байхаас зайлсхий
  • Өмнө нь тамхинаас гарах оролдлого хийж байсан бол тэр үед тамхинаас хол байхад юу тус болж, юу саад болж байсан  тухай тунгаан бод.
  • Нэгэнт тамхинаас гарсан  бол дахиж бүү тат.Нэг ч сорох хэрэггүй.

Та хаяж чадна

Тамхинаас гарах нь хэцүү боловч хаяж  чадсанаар өөрийн эрүүл мэндэд чухал олон ашиг тусыг мэдрэх болно. Хүмүүс тамхинаас гарах хэд хэдэн оролдлого хийсний эцэст амжилт олдог тул оролдоод л байх хэрэгтэй юм. Хамгийн гол нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална.

2. Дэмжлэг , туслалцаа ав

  • Гэр бүлийнхэн , найз  нөхөд  , хамт ажилладаг хүмүүстээ тамхинаас гарах гэж байгаа, мөн тэдний дэмжлэгийг хүсэж байгаа тухайгаа хэл.Тэднийг таны хажууд тамхи  татахгүй, таны ойр орчим  тамхи үлдээхгүй байхыг гуй.
  • Тамхинаас гарах талаар эмчээс зөвлөгөө ав.

3. Шинэ ур чадвар, зан үйлд суралц

  • Өөрийгөө тамхи татах бодлоос саатуулахыг хичээ.хэн нэгэнтэй  зугаал,ямар нэгэн ажил хий.
  • Стрессээ тайлах нь чухал
  • Өдөр бүр хийх зугаатай  зүйл төлөвлө
  • Шингэн зүйл сайн уу.

4. Тамхинаас гарах эмийг  эмчээс зөвлөгөө авч зааврын дагуу хэрэглэ.

  • Дараахь эм тус болно.

1. БупропионСР

2. Никотины бохь

3. Никотины хамрын дусаалга

4. Никотины наалт

5. Хүнд байдалтай тулгарахад  бэлэн бай.

  • Олонх хүн  хэд хэдэн  удаа оролдож байж л тамхинаас  бүрэн гардгийг санах нь зүйтэй.
  • Архи битгий уу.
  • Тамхи татаж байгаа хүмүүсийн дэргэд байхаас зайлсхий.
  • Тамхинаас гарсан үед жин нэмэгдэх  хандлагатай байдаг.Гэхдээ  энэ нь 4-5 кг-аас  хэтэрдэггүй. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх нь таргалахаас сэргийлдэг
  • Сэтгэл санаагаа тогтвортой болгох, гутрал, зан авир муудах үзэгдэл гарч болно. Сэтгэлээ засахын тулд тамхи татахаас өөр олон арга байдаг шүү дээ.Спортоор хичээллэ, байгалийн сайханд зугаал, дуртай киногоо үз, Эднийг туршаад үзээрэй.

 

Архи согтууруулах ундаа нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

 

Архи согтууруулах ундаанд агуулагддаг этилийн спирт амны хөндийн салстаас эхлэн ходоод гэдсээр цусны урсгалд шимэгдэж, хүний мэдрэлийн системд хөөрлийн байдал  үүсгэж  улмаар бие мах бод болон сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг эдгээр нь ойрын болон түр зуурын сөрөг нөлөө үзүүлдэг.

Сөрөг нөлөө нь:

  • Ухаан балартна
  • Тэнцвэрээ хадгалах,  хөдөлгөөнөө удирдах   чадвараа алдана. .
  • Өөрийгөө  удирдах чадвар алдагдана
  • Осолд өртөх, гэмтэх, хүйтний улиралд осгож үхэх магадлал ихэснэ
  • Согтуу үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьтал үйлдэх эрсдэл өндөр  байх
  • Хүчинд автах улмаар ДОХ  бусад халдварууд авах
  • Эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэх магадлал ихтэй

Шар айраг, дарс зэрэг этилийн спиртийг бага хэмжээгээр агуулдаг согтууруулах ундаанууд нь аюул багатай гэсэн ойлголт хүмүүсийн дунд элбэг байдаг. Гэтэл тэдгээр нь архинд  донтох өвчнийг үүсгэдэг байна. Нэг лонх шар айраг нь 50 мл архины согтоох үйлчилгээ үзүүлдэг байна

 

Хүний зарим эд эрхтэнд  архи нөлөөлөх нь

 

Ходоод ба нарийн гэдэс

Архи нь хоол тэжээлийн адил ходоод ба нарийн гэдсэнд боловсрогдохгүй. Архи ходоодонд орсны дараа зарим хэсэг нь тэр хэвээрээ ходоодны ханаар нэвтрэн цусны эргэлтэд шууд орно.

Үлдсэн хэсэг нь нарийн гэдэсний ханаар нэвтрэн цусанд ордог. Архи нь улаан хоолой ходоодны бүрхүүл эдийг гэмтээнэ. Ходоодонд өчүүхэн бага архи ороход л ходоодны шүүсийг ялгаруулан өлсөх шинж мэдрэгдэнэ.

Ходоодны ханыг байнга цочроосноос болж салст бүрхэвч нь гэмтэж ходоодны архаг үрэвсэл үүсэж болно. Архи уусан үед хоол идвэл архи ходоодны ханаар шимэгдэж цусанд нэвтрэх явцыг 50 хүртэл хувиар бууруулна.

Сүү, бяслаг зэрэг уургийн зэрэгцээ өөх тостой хоол хэрэглэвэл архинд түргэн хордохоос хамгаална. Хүн нэг удаад хэр зэрэг архи уух буюу хэр хурдан уухаас хордлогын зэрэг хамаарна. Архийг ихээр ууснаас аажуухан уух юмуу бага багаар уувал биед эргэлдэж буй архийг элэг исэлдүүлэн задалж чадна. Ингэснээр хордлогын түвшин багасна.

Элэг

Элэг нь архийг нүүрсхүчлийн хий, ус болгон задалж бие махбодиос зайлуулдаг. Гэхдээ нэг удаад маш өчүүхэн хэмжээний архийг задалж чадна. Ингэж задраагүй архи цусаар эргэлдсээр л байдаг. Нэг хундага архийг элэг задлан цэвэршүүлэхэд 1-3 цаг зарцуулна. Яваандаа элэг гэмтэж хордлогын шинж тэмдэг нь хоол боловсруулах болон зүрх судасны системд нөлөөлнө.

Элэгний эрүүл эд гэмтэн хатуурч, сорвитой болохыг элэгний хатингиршил гэдэг. Энэ өвчин архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст тохиолдоно

Тархи

Архи нь цусны эргэлтээр тархдаг болохоор бүх эрхтэнд хүрнэ. Тухайлбал хэдхэн минутын дотор тархинд очиж үйлчилнэ. Ингэхдээ тайвшруулах нөлөө үзүүлж тархины үйл ажиллагааг удаашруулдаг. Юм тогтоох буюу эргэн санах үйл ажиллагаанд саад учруулна. Архи их уухад хий юм үзэгдэх, сонсогдох буюу татаж унадаг өвчин үүсэж болно.

Мэдрэхүй

Архи нь хүний хараа болон сонсголыг муутгана. Амтлах, үнэрлэх, хүрэлцэх мэдэрхүйг ч муутгана. Бүх булчингийн үйл ажиллагааг тархи зохицуулан хянадаг учраас өчүүхэн төдий архи уухад ч булчингийн үйл ажиллагаа алдагдана. Ингэснээр хөдөлгөөний зохицуулалт алдагдаж, цаг хугацааны баримжааг мэдрэхээ болино.

Архинд орох үе шат

Хүмүүсийн архийг хэрэглэж байгаа дөрвөн үе шат байдаг гэж судлаачид үзэж байна.. Архи хэрэглэдэг ихэнх хүмүүс эдгээр үе шатны алинд хамаарахыг яг таг хэлэхэд хэцүү байдаг. Тэдний хувьд үе шат нь хоорондоо давхцах тул хүмүүс найз нөхдөө аль шатанд хамаарахыг нь тогтооход амаргүй.

 

I үе шат :Туршин хэрэглэх

Эхлээд туршин хэрэглэх үе шатыг судал. Хүмүүс архийг голдуу туршин хэрэглэж, архи уух зан ааш өөрчлөгдөж байгааг мэдэрдэг. Архи уух сайхан юм шиг санагдана. Гэвч заримдаа сайхан юм шиг боловч гол төлөв эвгүй байдалд оруулна.

Яваандаа улам муу зүйл тохиолдож архи ууснаас бие өвдөх, толгой өвдөх зэрэг зовиур илэрнэ. Ийм нөлөөнөөс болж зарим хүн архийг бүр жигшдэг. Гэсэн ч ихэнх хүмүүс архийг хэрэглэсээр нөлөөнд нь автсаар улам их уух хүсэлтэй болж дараагийн үе шатанд шилжин ордог.

 

II үе шат  : Тохируулан хэрэглэх

Архийг байнга хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн олуулаа нийлдэг. Иймд архи уувал яах вэ? гэдгийг мэддэг бөгөөд архи уух тодорхой шалтгаануудыг сонгодог байна. Энэ шатанд хэзээ архи уух, хэр зэрэг уух, зэргээ тодорхой хэмжээгээр хянаж чаддаг. Гэхдээ өсвөр насны хүмүүс архийг тохируулан хэрэглэхдээ муу. Тэд дэндүү их уудаг. Нэг удаа уухдаа 5 буюу түүнээс олон хундага уух нь хэтрүүлж буй явдал юм.

III үе шат :  Далимдуулж уух

Энэ шат нь архинд орохын өмнөх үе юм. Туршин уух, тохируулан уух архины таатай сайхан юм шиг нөлөөнд автаж хүмүүс архийг нэлээн хэрэглэдэг. Гол нь тэд сайхан нөлөөг нь мэдрэхийг хүсдэг бол энэ шатанд сэтгэлийн хямрал таагүй байдлыг багасгах буюу арилгах зорилгоор архи уудаг.

Нэг жишээ авъя. Найз охин чинь аав, ээжтэйгээ муудалцаад их уурлаж гэж саная. Аав, ээждээ ч уур хүрч, өөртөө ч уур хүрсэн байна.Үүнд нь бусад таагүй зүйл ч нөлөөлсөн байж болох юм. Тэгээд тэр охин архи ууж, аав ээжээсээ л болж архи уусан гэж өөрийгөө цагаатгана. Энэ охины тухайд сэтгэл санааны таагүй нөлөөнөөс болж архи уусан гэдэг нь далимдуулж уух явдал юм.

Одоо өөр нэг жишээ авъя. Нэг сурагч үдэшлэгт орохоор төлөвлөжээ. Тэр үдэшлэгт нь түүний танихгүй хүмүүсээс гадна олон охид цуглах байв. Тухайн сурагч тэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн байна. Гэтэл тэр цухалдах, сандрах, эсвэл ичиж магадгүй байлаа. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөн бол жирийн үзэгдэл бөгөөд хүний амьдралд хэнд ч гэсэн байнга тохиолддог.

Харин нөгөө сурагч сэтгэлийн хөдөлгөөнөө давахын тулд үдэшлэгт очихоосоо өмнө хэдэн хундага архи уухаар шийджээ. Өөрөөр хэлбэл тэр өөрийгөө эмчлэхээр шийдсэн байна.

Ингээд цухалдах, сандрах, ичихгүйн тулд архи гэдэг хорыг хэрэглэжээ. Залуус энэ шатнаас эхлэн өөрийгөө хянаж, цагдаж чадахаа больж эхэлдэг. Тэр бэрхшээлтэй зүйл таарах болгонд л архи ууж, хаана л үдэшлэг цэнгүүн байна түүнийг хэсэж архидна. Тэгээд хэн нь их архи дааж байгаагаараа бусдадаа гайхуулах болдог. Ингээд архийг хэтрүүлж уусаар бие махбодь нь архины нөлөөнд дасаж, согтохын тулд улам их архи уух болцгоодог.

Энэ бол архинд орж байгаагийн шинж, архинд донтож болзошгүйг сэрэмжлүүлэх гол дохио юм. Ийм үе шатанд орсон залуус амьдралынхаа ихэнх, эрчим хүчийг, наргиж цэнгэх, архидахад зарцуулдаг.

 

IV үе шат  :    Архинд орох

Эцсийн шат бол архинд орох явдал юм.Энэ үед орсон хүн архи уусан үедээ өөрийгөө хянаж чадахаа болино. Ийм байдал нь улам лавширна. Гэхдээ энэ хүн архи уух болгондоо согтоно гэсэн үг биш.

Энэ үе шатанд орсон архичид зарим үед тохируулж уудаг хүн шиг өөрийгөө барьж захирч чадна. Ихэнх хүмүүс эцэг эх болон найз нөхдөдөө архи уудаггүй хүн болж харагдах гэж их чармайдаг. Архинд орсон хүн архи уух үеийн гол зүйл бол тухайн хүн хэр удаан ууж эцсийн үр дүн нь юу болох юм хэдий хэмжээний архи уух вэ ? гэдгийг хэн ч урьдчилан хэлж чаддаггүй аж. Өөрийгөө эмчлэх нь архи уух нэг шалтаг болдог. Архинд орсон хүн архи уугаад огт таашаал авдаггүй. Бие болоод сэтгэл санааны зовиурыг арилгах гэж ойр ойрхон архи уух нь их болдог. Энэ шатанд архи ууж байгаагийн гол шалтгаан бол зовиураа арилгаж, эрүүл юм шиг байх хүсэл юм.

 

Архинд орж байгаагийн зарим онцлог шинж

 

1.      Архи даах: Архийг уух тусам улам их архи ууж байж согтдог болно.

2.      Бие эвгүйрэх: Архи уухгүй бол бие эвгүйрэхшинж тэмдэг илэрнэ.

3.      Архи эрж хайдаг болох: Архинд орсноос болж хүний зан араншин өөрчлөгдөнө.

4.      Амьдралын бусад бүх харилцаанаас хамгийн чухал зүйл нь архи болж хувирдаг.

 

Дүгнэлт:

Архидан согтуурснаас  үүсэх  үр дагавар:

1.      Сэтгэцийн олон төрлийн өвчин

2.      Элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар

3.      Ходоодны шарх, хорт хавдрууд

4.      Цөсний архаг үрэвсэл

5.      Цусны даралт ихсэх,зүрхний хэм тасалдах, зүрх судасны өвчин

6.      Нойр булчирхайн үрэвсэл, хорт хавдар,

7.      Биеийн ерөнхий эсэргүүцэл доройтож, бүх өвчинд өртөмтгий болох

8.      Бэртэл гэмтэлд амархан өртөх гэх мэт тооцож баршгүй олон хөнөөл  хүнд авчирдаг.

9.       [ Архи  их уудаг хүн амархан хөгширдөг!

10.      Архи үр удмыг хөнөөдөг

Архины  алсын сөрөг нөлөө

  • Архинд донтох өвчин  тусна.
  • Төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны  өвчин эмгэгүүд үүснэ.
  • Зүрх томрох өвчин үүснэ.
  • Биеийн эсэргүүцэл суларч өвчинд өртөмтгий болно
  • Гадаад төрөхдөө тавих анхаарал  суларч , өнгө үзэмж доройтно.
  • Бусадтай муудалцах , гэр бүл нь  салж сарних , гэмт хэрэг үйлдэх  магадлал ихэснэ.
  • Сургуулиа хаях, ажлаа хаях магадлалтай.
  • Эх нь жирэмсэн үедээ согтууруулах зүйлс хэрэглэвэл , мөн эцэг нь  архи уудаг бол  хүүхэд нь төрөл бүрийн төрөлхийн  гажиг, сэтгэцийн  өөрчлөлттэй төрөх магадлал өндөртэй

Архи

Р.Чойном

Урт өдрийн наранд

Ундаан болохгүй умдааныг

Ужиг холын замд

Хоол болохгүй идээг

Урьсан зочилсон айлд

Уу! Хэмээн барив

Урьдын танил нөхөд

Угж мээм шиг шахав

Шимэн шимэн суухад

Шимийн идээний дээж

Шилэн шилэн суухад

Ширүүн хар архи

Шижгэр залуу насны маань

Шийтгэл болон тохиосон

Шилэн лонхонд бөглөөтэй

Шингэн биетэй чөтгөр

Аагий нь хэлэх юм бол

Гучин найман градус

Аашийг нь хэлэх юм бол

Гучин найман алдаа

Аядуухан хэлэх юм бол

Гучин найман нас

Ахиухан хэлэх юм бол

Гучин найман  үхэл

Ууж эхлэх цагтаа

Би хамгийн цэцэн

Улайж халах үедээ

Би хамгаас баян

Унтаад сэрэх цагт

Мөнгө ч үгүй нөхөр ч үгүй

Ухаан бид хоёр

Бие биенээ олохгүй

 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.